Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын мэндчилгээ

Цадиг түүхэн тавцанд 100 жилийн Алтан судраа дэлгэж, намтар түүхийнхээ нэгэн зууныг хамтдаа бүтээлцэж буй Алтан гадас одонт Дарьганга сумын хөдөлмөрч, бүтээлч нутгийн зон олон, ажиллаж амьдарч буй эрхэм хүндэт иргэддээ түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дарьганга сум бол онгон дагшин байгаль, хялганат хээр тал, шил хөндий, эрт эдүгээгийн домог тээсэн уул хайрхад, төрийн тахилгат Алтан овоо, Шилийн Богд уул, Талын агуй, Ганга нуур, галт уулс, эртний түүхийг хүүрнэсэн хүн чулууд, шандаст хурдан хүлгүүд давхисан, хунгийн сүрэг чуулсан, зээрийн сүрэг налайсан нүүдлийн соёл иргэншлийн дахин давтагдашгүй өвийг хадгалсан Монголын түүх соёлын өлгий нутаг юм.

Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг Дарьгангачуудаас эх орныхоо төлөө хүчээ өгч, хөдөлмөрөө зориулсан Улсын баатар, хөдөлмөрийн баатар, төр нийгмийн гавьяат зүтгэлтэн, ардын цолтон, алдар суутнууд, билиг авьяастнууд олноор төрсөн билээ.

Тал нутгийнхаа гал голомтыг сахисан Та бүхэнд болон сум орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан улсынхаа өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй нийт Дарьгангачууддаа Дарьганга сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Түүхэн энэхүү ойгоо Та бүхэн өнгө төгөлдөр, цог жавхлан төгс тэмдэглээрэй.

ДАРЬГАНГА СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.ГАНБОЛД

Цэс

  • Дарьганга сум, Сүхбаатар аймаг, Монгол улс

  • +976 99069259

  • ganganuur_09@yahoo.com