Засаг даргын мэндчилгээ

Монголын нүүдэлчин соёл,төрт ёсны түүхийн нэгэн тод мөр болсон Дарьганга хэмээх уудам нутаг дэвсгэрт өрнөн бичигдсэн зуун жилийн түүхт замнал, бүтээн байгууллалт, хөгжил дэвшлийн бахархалт ойн баярын мэндийг Дарьганга нутгийн зон олон бүтээн байгуулагчид, хөдөлмөрч малчид, залуучууд үе үеийн ахмадууд, хөдөлмөр бүтээлээ зориулсан нийт иргэддээ,үргэлжлүүлэн зүтгэж буй залгамж хойчдоо, хайртай нутгаа гэсэн сэтгэлээр хол ойроос хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Дарьганга сум 1924 онд үүсэн байгуулагдсанаас хойш бүтэн зууны туршид хөгжлийн олон үе шатыг туулж нутаг орноо өөд нь татахын төлөө чин сэтгэлээ зориулсан нутгийн зон олны хүчин зүтгэл төр захиргааны байгууллагын зохион байгуулалттай бодлого шийдвэр төрийн албан хаагчдын уламжлагдсан хариуцлагатай чин үнэнч үйлчилгээнд үндэслэн өдгөө улс орондоо тэргүүлэгч сумдын нэг болон хөгжиж чадсан билээ.

Сумын түүхийн алтан хуудсыг нэгэн зуун дамнуулан бичилцэж, Дарьгангын ирээдүйг бататган замнасан үе үеийн нутгийн удирдлагууд, Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид,төрийн албан хаагчид, хөдөлмөрчид иргэд, малчид та бүхнийхээ хүчин чармайлт, хамтын зүтгэлийг бид гүнээ үнэлэн хүндэтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дарьганга сум “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь сум орон нутгийн хөгжлийн бодлого, бүтээлч ажиллагаа иргэдийнхээ оролцоонд тулгуурласан үнэт амжилтыг төр засгаас өндрөөр үнэлсэн түүхэн үйл явдал болсон бөгөөд энэ бол зөвхөн нэг үеийн биш бүх Дарьгангачуудаас бүрдсэн нийтлэг бахархал,нэгэн зууны уйгагүй хөдөлмөрийн үр шим юм.

Бид өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлсдээ дүгнэлт хийж,ирээдүйн хөгжлийн бодлогоо шинэ шатанд гаргах хариуцлагатай мөчид зогсож байна. Түүхээ дээдэлж үр хойчдоо бахархалт өв үлдээхийн төлөө эв санаагаа нэгтгэн ажиллаж сум орон нутгийнхаа хөгжлийн дараагийн 100 жилийг илүү бүтээлч тогтвортой хүн төвтэй байдлаар туурвих болтугай.

Алтан Овоо маань үргэлжид ивээж, нутгийн буян дэлгэрч байх болтугай.

ДАРЬГАНГА СУМЫН ЗАСАГ ДАРГА МООНОНГИЙН ЦЭРЭНДАШ

Цэс

  • Дарьганга сум, Сүхбаатар аймаг, Монгол улс

  • +976 99069259

  • ganganuur_09@yahoo.com